Нэгдүгээр ангийн хүүхдийг хэрхэн цахимаар бүртгүүлэх вэ? Дараах зааврын дагуу хялбархан бүртгүүлэх боломжтой

БШУЯ-аас нэгдүгээр ангийн сурагчдыг цахимаар бүртгэхтэй холбоотой мэдээлэл хийлээ. Энэ үеэр нэгдүгээр ангийн хүүхдээ цахимаар бүртгүүлэх зааврыг танилцууллаа. Наймдугаар сарын 8-14-ны хооронд аймаг, нийслэлийн боловсролын газрууд хамран сургах тойргийн хуваарь, хаяг, сургуулийн мэдээллийг parent.edu.mn-д оруулна.

Наймдугаар сарын 11 хүртэл хамран сургах тойргийн хаягийн дагуу бүх зургаан настай хүүхдийг сургууль бүрд хуваарилна. Наймдугаар сарын 11-15-ны хооронд сургуулийн элсэлтийн комиссууд урьдчилсан бүртгэл хийж, тухайн хүүхдийн бүртгэлийг баталгаажуулах эсэхийг шалгана.

Наймдугаар сарын 16-ны 09.00 цаг элсэгчдийн бүртгэл parent.edu.mn хаягт нээлттэй болно. Энэ үед эцэг, эхчүүд хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан наймдугаар сарын 16-25-ны 17.00 цаг хүртэл бүртгэлийг баталгаажуулна. Наймдугаар сарын 25-30-ны хооронд сургуулиуд хүүхдүүдээ анги бүлэгт хуваарилж, эцэг эхчүүдийн бүртгэлд байгаа утасны дагуу хүүхэд нь аль сургуульд, ямар бүлэгт орсон талаар мэдээллийг хүргүүлнэ.

Бүртгэл хийх боломжгүй тохиолдолд тухайн сургууль руу холбогдон бүртгэлийн баталгаажуулалт хийж болно. Гадаадын иргэн харьяатай, сургуульд хуваарилагдаагүй хүүхэд байвал сургуулийн утсаар холбогдон элсэлтийн бүртгэлээ хийлгэнэ. Нэг удаа элсэлт баталгаажсан бол дахин баталгаажуулах шаардлагагүй.