Эрүүл мэндээ хамгаалахын тулд өнөөдрөөс хийхээ болих ёстой зүйлс

Хүн бүрийн мөрөөдөл эрүүл, жаргалтай амьдрал биш гэж үү? Тэгвэл та өөрийн эрүүл амьдрах боломжийг өдөр бүр бага багаар алдаж байдаг гэдгээ мэдэх үү? Таны хийж буй энгийн гэж бодох үйлдлүүд үнэн хэрэгтээ эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, хор хөнөөл тарьж байдаг аж. Чухам ямар үйлдлүүд үүнд багтаж байгааг мэдээллийн дэлгэрэнгүйгээс харцгаая.

Хэт их усанд ордог

Хачирхалтай сонсогдож магадгүй ч, хэт олон давтамжтайгаар усанд орох нь усанд огт орохгүй байхтай адил сөрөг нөлөөтэй. Колумбийн их сургуулийн халдварт өвчний мэргэжилтнүүдийн багийн мэдээлснээр, хэт олон удаа усанд орох нь арьсыг хуурайшуулж, хагарахад хүргэдэг тул эдгээр шархаар микробууд бие махбодид тань амархан нэвтрэх боломжийг бий болгодог. Мэргэжилтнүүд өдөрт нэгээс илүүгүй удаа усанд орохыг зөвлөж байна.

Бие засахаас өмнө гараа угаадаггүй

Зөвхөн угаалгын өрөөнд л бактер байдаг гэвэл ташаа ойлголт болно. Гараа угаахгүй гадуур явж, төрөл бүрийн зүйл хийсний дараа угаалгын өрөөнд орж, бие засна. Мэдээж хүмүүс бие засахаас өмнө биш, бие зассаны дараа гараа угаадаг. Гараа угаалгүйгээр бие зассанаар таны эмзэг эрхтэнд төрөл бүрийн бактер халдаж, асуудал үүсгэж болзошгүй юм. Тиймээс заавал бие зассаны дараа биш, өмнө нь ч бас гараа угааж байгаарай.

Хурууны өндгөөрөө суултуурын ус татдаг

Угаалгын өрөөнд төрөл бүрийн бактер хөвж яваа. Тийм ч учраас суултуурын ус татагчыг хурууны өндгөөр бус ар хэсгээр дарж байгаарай. Учир нь эс бөгөөс та суултууранд хүрсэн хурууны өндгөөрөө юу ч хийж мэднэ, нүүрэндээ хүргэж ч болзошгүй.

Нүүрээ савангаар угаах

Зарим хүмүүс өглөө, оройдоо нүүрээ савандаад угаачихвал бүх бохирдолоо арилгаж, цэвэр цэмцгэр болж чадна хэмээн буруу ойлгодог. Гэвч үнэн хэрэгтээ саван нь нүүрний нүхийг бөглөж, батга үүсэх нөхцлийг бий болгодог төдийгүй арьсыг хэт хуурайшуулж, үрэвсүүлнэ.